2010/10/14

КОРПОРАТИВ ИМИЖ

Өдгөө Монголын бизнес, менежментийн салбарт корпоратив имижийн тухай ойлголт нилээн өргөн хүрээнд хэрэглэгдэн, арилжааны банк, үүрэн телефоны операторууд, үндэсний томоохон корпораци, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн хувьд идэвхитэй ашиглагдах болжээ. Имижийн талаарх үзэл санаа байгууллагын хөгжлийг илэрхийлэх, өөрийн онцлогийг таниулах эрмэлзэл, үйл ажиллагааныхаа дэвшилтэт чиглэлээ тодорхойлох, нийгэмтэй харилцах зохицлоо олох оролдлогоор дамжин хурц тодоор илэрч байна. 
    Орчин үед имижлогийн мэргэжилтэн, имижмейкерүүд корпоратив соёл, философийг бүрдүүлэх үндсэн дээр байгууллага, нэгжийн үнэт зүйлсийг түгээх арга хэрэгслийг боловсруулах үйл явцад анхаарлаа хандуулах болжээ. Тухайн арга хэрэгсэлд – маркетинг, реклам сурталчилгааны стратеги, корпоратив загвар дизайн /компаний хэв маяг стиль, гадаад имиж/, нийгмийн ухамсарт байгууллагын эерэг имижийг бүрдүүлэх зорилго бүхий олон нийттэй харилцах ажлыг /PR/ зохион байгуулах, зорилгодоо хүрэх, ажил хэргээ хөтлөх бололцоог бүрдүүлсэн харилцааны болон харилцан үйлдлийн тогтолцоо болох байгууллагын соёлыг төлөвшүүлэх зэрэг олон асуудал багтдаг. 
Энэхүү хандлага ч Монголчуудыг ажил хэргийн практикт шинэ тутам нэвтэрч, аливаа байгууллагын удирдлага, зохион байгуулагчдын анхаарлын төвд оршиж, нэгж байгууллагын төдийгүй нийгмийн хөгжлийн хүчтэй хөшүүрэг болж эхэлснийг анзаарч болно. Тухайлбал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон нийттэй харилцах үйл ажиллагаанд болон байгууллагын соёл, имиж, реклам сурталчилгаа, дресс-код хариуцсан мэргэжилтнээс аваад алба, захиргаа хүртэл байгуулагдан нэгэнт ажиллах болжээ.

Байгууллагын имижийн бүтэц, бүрэлдэхүүн
Байгууллагын имиж гэдгийг аливаа байгууллага, нэгжийн үйл ажиллагааны талаарх төсөөллийг өгч буй онцлог шинж чанарын цогц гэж тодорхойлж болно. Энэхүү суурь тодорхойлолт дээр тулгуурлан байгууллага, нэгжийн өвөрмөц онцлогоос нь хамаарч тухайн салбар чиглэлд нь тохирсон нарийвчласан тодорхойлолт өгөх бүрэн боломжтой. Мэдээж имижийн хувьд аль нэг тодорхойлолт бус харин байгууллагын эерэг имижийг бүрдүүлэхэд шаардлагатай мэргэжлийн арга хэрэгслийг бий болгох талаарх төсөөлөл илүү чухал юм.
Дээрх тодорхойлолтод үндэслэн байгууллага дахь имижийг дараах байдлаар төрөлжүүлж болно.
1.    Удирдлагын нийгэм сэтгэл-зүй шинж онцлог, үнэт зүйлсийн хандлага, арга барил, авъяас чадвар түүнчлэн түүний гадаад байдлыг багтаасан байгууллагын удирдлагын дүр төрх
2.    Мэргэжлийн ур чадвар, соёл, хувийн онцлог, социал болон бие сэтгэл зүйн шинжийг тусгасан албан хаагчийн дүр төрх
3.    Байгууллага, түүний нийгмийн амьдрал дахь улс төр, эдийн засаг, соёлын болон социал үүрэг ролийн тухай нийгмийн янз бүрийн бүлгүүд, нийгэмлэгийн төсөөллийн үндсэн дээр бүрэлдсэн байгууллагын социал имиж.
4.    Өөрийн үйлчлүүлэгч хэрэглэгчдэд хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, чанар, ашигт чанар хийгээд өвөрмөц ялгаа бүхий шинж онцлогийн талаарх төсөөллийг өөртөө шингээсэн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний имиж
5.    Эерэг имиж бүрдүүлэхийн тулд хүчтэй нөөц бололцоогоор бий болгосон байгууллагын итгэл найдвартай, тохилог сэтгэл татам байдлын талаар албан хаагчдын төсөөлөл, нийгэм-сэтгэл зүйн  уур амьсгал, хэв маягийг багтаасан байгууллагын ажил хэргийн соёл
6.    Билэг тэмдэг, албан тасалгаа, тээврийн хэрэгслийг хэрхэн бүрдүүлснээс хамаарсан гадаад шинж тодотгол /корпоратив загвар дизайн, байгууллагын стил хэв маяг, визуал имиж/
7.    Хэрэглэгчид  болон үйлчлүүлэгчдийн хувь найдвартай, тогтвортой, хөрөнгө оруулалтын нөөц бололцоо, өрсөлдөх чадвар, ажил хэргийн нэр хүнд зэргийг оруулаад байгууллагын ажлын идэвх чармайлтын онцлог болох бизнес-имиж зэргийг тооцож болно.
Байгууллагын имижийн үр ашигтай чанар түүний онцлог, ялгаатай байдал, бусад шалгуураас хамаараад байгууллагын аль ч түвшинд илэрч буй ерөнхий шалгуураар тодорхойлогдоно. Иймээс байгууллагын имижийн давуу талыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:
•    Байгууллагын дээд албан тушаалтан, албан хаагчид, үйлчлүүлэгчид, хэрэглэгчид, түнш болон байгууллагатай шууд бус харилцаанд оролцдог бусад этгээдүүдийн зүгээс байгууллагын үйл ажиллагааг эергээр үнэлэх
•    Байгууллагын албан хаагчид хийгээд тогтвортой үйлчлүүлэгчдээ хадгалах, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх байдлаар байгууллагын өрсөлдөх чадварыг харуулах
•    Нийгмийн янз бүрийн бүлгийн тэр дотроо үйлчлүүлэгчдэд тооцогдохгүй хэсгээс аваад өөрийн тогтвортой үйлчлүүлэгчид, хамтрагчдын зүгээс үзүүлж буй итгэлийг илтгэх байгууллагын нэр хүнд
•     Үйл ажиллагааны социал арга хэмжээнүүдээр /боловсрол, соёл, хүүхдэд зориулсан буяны арга хэмжээ явуулах/ хүлээн зөвшөөрөгдөж буйгаа олон талаар харуулсан олон нийтийн мэдээллийн хэрэгслээрх байгууллагын үйл ажиллагааны талаарх эерэг үнэлгээ
•    Албан хаагчдын аливаа өөрчлөлт, үйл ажиллагаанд сэтгэл зүйн хувьд бэлэн байдлыг хангасан байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварын хөгжил
•    Мэргэжлийн үүргээ чанартай гүйцэтгэх, өөрийгөө зохион байгуулах ажилтнуудын чадвар зэрэг байгууллагын соёлын үзүүлэлт тус тус багтана.
Б.Мөнхбаяр

No comments:

Post a Comment