2010/10/14

ИМИЖИЙН ХЭВ МАЯГ


 Имижлоги – хүмүүс хэрхэн “гэрэлтэн гялалзах” чадварыг эзэмших, хувь хүний сэтгэл татам чанарыг ашиглан хүн хэрхэн дүр төрхөө тодотгох талаарх шинжлэх ухаан, урлаг юм.
Психоанализын үндэслэгч, З.Фрейд хүмүүний амьдрах учир шалтгааныг:
1.    Хүн бусдаас илүү амьдарч байна гэдгээ мэдрэхийн тулд
2.    Хүн эсрэг хүйстэндээ таалагдахын тулд хэмээн учирлан тайлбарласан нь чухамдаа “имиж бүтээх урлагийг” судалдаг имижлоги руу хүн бүр “хошуурах”-ын тайллыг хэлсэн гэлтэй. 

Орчин үед “имижийг бүтээхгүйгээр” нийгмийн бүхий л хүрээнд тухайлбал, гэр бүл, хамт олон, байгууллагад өөрийн байр суурийг бэхжүүлэх, аливаа үйл ажиллагаанд, жишээ нь үйлдвэрлэл, үйлчилгээг амжилттай эрхлэхэд улам бүр ач холбогдолтой болсоор байна. 

Дээрх утгаар имиж гэдэг нь бүхэлдээ хүний хувийн хийгээд ажил хэргийн шилдэг чанарыг ил гаргах, өдөр тутмын нийгмийн харилцааны ая тухтай байдлыг бий болгох, өөдрөг сэтгэлгээг бүрдүүлэхэд чиглэсэн ямар нэгэн “нөлөөт толь” гэж тодорхойлж болно. Эмч, багш, үйлчилгээний ажилтан, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг тэдний сэтгэл татам дүр төрхгүйгээр сэтгэх боломжгүй юм.
 

Имиж хэмээх ойлголт тодорхой хувь хүнд чиглэсэн байхаас гадна нийгмийн бүлэгт хамаардаг. Тухайлбал, аж ахуй нэгж, компани, төрийн байгуулагын хувьд имижийн асуудал зайлшгүй тавигдаж байдаг. Тэрчлэн имиж нь эерэг үзэгдэл юм. Бодит практикт зан байдлын сэтгэл татам загварыг эзэмшсэн бие хүн төдий хэрээр хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, ажил хэрэг нь бүтсэн баримт хангалттай бий. Хэдийгээр өндөр нэр хүндтэй хүмүүс өөрийн “сайн нэрээр” ажлаа бүтээдэг гэдгийг гадарладаг ч харамсалтай нь цөөнгүй хүмүүс амжилт олоход имиж бүрдүүлэхийн учир холбогдлыг тэр бүр хангалттай ухамсарладаггүй юм.
 

Имижийн ангиллыг судлаачид олон янзаар авч үзэж, тухай бүрийн онцлог, агуулга, үүрэг, ач холбогдол, арга техникийг нэг бүрчлэн авч үзсэн байдаг.
Мэргэжлийн үйл ажиллагааны онцлогоор нь
•    Улс төрийн имиж
•    Аж үйлдвэрийн салбарын имиж
•    Сурганы имиж
•    Анагаахын салбарын имиж
•    Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн имиж
•    Банкны имиж
•    Үйлчилгээний салбарын имиж
•    Эрх зүй - хүчний байгууллагын имиж
•    Дипломатын имиж
•    Спортын имиж
•    Урлаг соёлын имиж
•    Төрийн албаны имиж зэргээр ангилж болно.
 

Тэрчлэн нийгмийн харилцааны объектын онцлогоор нь:
1.    Хувь хүний имиж
2.    Гэр бүлийн
3.    Улс төрчийн
4.    Лидерийн буюу албан хаагчийн
5.    Корпоратив буюу байгууллагын
6.    Мэргэжлийн имиж гэж ангилдаг.
 

Сэдвийн хүрээнд хөндсөн имижийн ангиллаас чухал, учир холбогдолтойг нь дэлгэрэнгүй авч үзэж, бусад ангиллыг товчхон хөндлөө.
Б.Мөнхбаяр

No comments:

Post a Comment